☕Танд энэ өглөөний мэндийг хүргэе,

Энэ 7 хоногт би Монголын төлбөрийн технологийн салбарын хамгийн томоохон тоглогчдын нэг болох QPAY-г 5 өөр үзүүлэлтээр үнэлж үзлээ. QPAY-г харахад хамгийн түрүүнд анзаарагдах зүйл бол өсөлт. Гэхдээ хөрөнгө оруулагчийн хувьд “компани хурдан өсөж байна” гэдэг ганцаараа хангалтгүй.

Хамгийн чухал асуулт нь: Энэ өсөлт цаашид хэр удаан үргэлжлэх вэ, мөн өнөөдрийн хувьцааны үнэд энэ өсөлт хэр их хэмжээгээр шингэчихсэн байна вэ? Энэ newsletter-ээр QPAY-ийн бизнесийн өсөлт, ашигт ажиллагаа, ирээдүйн төсөөлөл, үнэлгээ болон хамгийн том эрсдэлийн талаар хуваалцъя.

1. Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл маш хурдан өсөж байна

QPAY-ийг харахаас өмнө эхлээд зах зээлийг нь харах хэрэгтэй. Монгол Улсын бэлэн бус гүйлгээний тоо 2019 онд ~737 сая ширхэг байсан бол 2025 онд ~2.3 тэрбум ширхэгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл зургаан жилийн хугацаанд бараг 3 дахин өссөн гэсэн үг.

Энэ бол QPAY-ийн хувьд маш чухал тренд. Яагаад гэвэл QPAY-ийн бизнесийн өсөлт Монголын нийт бэлэн бус төлбөрийн зах зээлийн өсөлттэй шууд холбоотой. Монголын бүх бэлэн бус гүйлгээ QPAY-ээр дамждаггүй. Тиймээс QPAY-ийн ирээдүйн өсөлтийг тогтоохын тулд хоёр зүйлийг харах хэрэгтэй:

1. Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл хэр хурдан өсөх вэ?

2. Тэр зах зээлээс QPAY хэдэн хувийг эзлэх вэ?

Миний үнэлгээний моделийн хамгийн гол таамаглал яг энэ хоёр хүчин зүйл дээр суурилсан.

2. QPAY өөрийн харьяалагдах зах зээлээсээ ч хурдан өссөн

2020 онд QPAY ойролцоогоор 30 сая ширхэг гүйлгээ хийж байсан бол 2025 онд энэ нь 250 сая хүрсэн. Өөрөөр хэлбэл, 8 дахин өссөн гэсэн үг. Гүйлгээний нийт дүн ч мөн 1.3 их наяд төгрөгөөс 16 их наяд төгрөг болсон. Тэгэхээр QPAY зөвхөн Монголын бэлэн бус төлбөрийн зах зээлийн өсөлтөөс ч маш хурдацтай нэмэгдүүлжээ.

3. Гэхдээ өсөлтөөс илүү сонирхолтой нь ашигт ажиллагаа

Компанийн орлого хурдан өсөх нь мэдээж сайн. Гэхдээ хөрөнгө оруулагчийн хувьд дараагийн асуулт: “Тэр орлогоос хэдийг нь ашиг болгож чаддаг вэ?”

QPAY-ийн санхүүгийн үзүүлэлтүүдийг харахад сүүлийн таван жилийн өсөлт маш өндөр байна.

Үзүүлэлт

5 жилийн CAGR

Нийт хөрөнгө

76.3%

Өөрийн хөрөнгө

65.5%

Борлуулалтын орлого

113.5%

Нийт ашиг

98.4%

Татварын дараах ашиг

91.2%

Өөрөөр хэлбэл QPAY зөвхөн томорсон биш. Орлого болон ашиг нь ч мөн адил маш хурдан өссөн байна.

4. QPAY-ийн бизнесийн загвар хэр ашигтай вэ?

2025 оны тоон дээр Борлуулалтын орлого: ~38.1 тэрбум төгрөг, Нийт ашиг: ~18.1 тэрбум төгрөг. Энэ нь ойролцоогоор 44.8%-ийн нийт ашгийн маржинтай гэсэн үг. Энгийнээр хэлбэл: 100 төгрөг болгоны борлуулалтаас 45 төгрөг нь нийт ашиг болж үлдэж байна.

Би үүнийг харьцуулахын тулд гадаадын төлбөрийн компаниудын үзүүлэлтүүдийг мөн авч үзсэн бөгөөд тэдгээрийн нийт ашгийн түвшин ойролцоогоор 36% гарсан. Тиймээс QPAY-ийн бизнесийн загвар харьцангуй өндөр ашигтай, зардлын бүтэц багатай харагдаж байна.

💡Хөрөнгийн захад илүү мэдлэг мэдээлэлтэй орж байхыг хүсэж байвал нийтлэлийн төгсгөлөөс олж аваарай👇

5. Ирээдүйд QPAY хэр их өсөх вэ?

Хувьцаа үнэлэхэд өнгөрсөн санхүүгийн мэдээллийг хараад зогсохгүй ирээдүйг төсөөлөх шаардлагатай. Тиймээс би гурван хувилбар ашигласан.

🟢 Өөдрөг хувилбар

Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл өндөр хурдаар өсөж, QPAY-ийн зах зээлд эзлэх хувь 12%-аас 18.6% хүртэл нэмэгдэнэ гэж үзсэн.

🟡 Суурь хувилбар

Зах зээл үргэлжлэн өсөх боловч QPAY-ийн эзлэх хувь ойролцоогоор 13–17% орчим байна гэж төсөөлсөн.

🔴 Гутранги хувилбар

Зах зээлийн өсөлт удааширч, QPAY-ийн зах зээлд эзлэх хувь харьцангуй бага түвшинд байна гэж үзсэн.

Эндээс нэг чухал санаа гарна. QPAY зах зээлээ бүрэн алдана гэж би үзээгүй. Харин зах зээлээс хэдэн хувийг эзлэх вэ гэдэг дээр хувилбаруудыг ялгасан.

Суурь төсөөллөөр 2031 он гэхэд:

  • Борлуулалтын орлого: 100.3 тэрбум ₮

  • Цэвэр ашиг: 22.9 тэрбум ₮

  • Нийт хөрөнгө: 156.5 тэрбум ₮

  • Өөрийн хөрөнгө: 143.0 тэрбум ₮ хүрэхээр төсөөлөгдөж байна.

6.QPAY-ийн үнэлгээ 494₮ – 808₮ хооронд гэсэн дүн гарсан.

Энэ бол QPAY-ийн хувьцаа яг ийм үнэтэй байх ёстой гэсэн үг биш. Энэ нь миний ирээдүйн өсөлт, зах зээлд эзлэх хувь, ашигт ажиллагаа болон бусад таамаглал дээр үндэслэн гаргасан моделийн үр дүн юм. Таамаглал өөрчлөгдвөл үнэлгээ ч өөрчлөгдөнө.

7. QPAY харьцангуй хямд харагдаж байна уу?

Үүнийг харьцангуй үнэлгээгээр бас шалгаж болно. Монголын ТОП-20 компанийн дундаж P/E ойролцоогоор 20x байхад QPAY-ийн P/E ойролцоогоор 7.2x байна. Өөрөөр хэлбэл ашигтай нь харьцуулахад QPAY харьцангуй бага үнэлгээтэй харагдаж байна.

P/B харьцаа харин QPAY дээр ойролцоогоор 3x, харин зах зээлийн түвшин өндөр байгаа нь өөр өнцгийг харуулна. Тиймээс ганц харьцаагаар “QPAY хямд байна” гэж дүгнэхээс илүү олон аргачлалыг зэрэг ашиглах нь зөв.

8. ⚠️ Гэхдээ QPAY-ийн хамгийн том эрсдэл нь юу вэ?

Энд миний бодлоор хөрөнгө оруулагчдын анхаарах хамгийн чухал хэсэг байх. QPAY-ийн өсөлтийн түүх маш сайн. Гэхдээ энэ өсөлтийн цаана нэг том асуулт бий: QPAY цаашдаа Монголын бэлэн бус төлбөрийн зах зээлийн хэдэн хувийг авч үлдэх вэ?

Яагаад гэвэл QPAY-ийн хамгийн том эрсдэлийн нэг нь банкууд өөрсдийн QR болон төлбөрийн системээ улам хөгжүүлэх явдал. Жишээлбэл, Голомт банкны SocialPay зэрэг банкны өөрийн төлбөрийн шийдлүүд илүү өргөн хэрэглэгдэж эхэлбэл QPAY-ийн хувьд өрсөлдөөн нэмэгдэнэ.

Хэрэв банкууд өөрсдийн экосистем дотор илүү олон QR төлбөрийг шууд боловсруулах боломжтой бол QPAY-ээр дамжих гүйлгээний хэмжээ буурч болно.

Тэгвэл:

QPAY-ийн зах зээлд эзлэх хувь ↓
→ Гүйлгээний хэмжээний өсөлт ↓
→ Орлогын өсөлт ↓
→ Ашгийн өсөлт ↓
→ Ирээдүйн мөнгөн урсгал ↓
→ Үнэлгээ ↓ гэсэн дараалал үүсэх боломжтой.

Тиймээс QPAY-ийн хувьд зөвхөн“Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл өсөх үү?” гэж асуух нь хангалтгүй. Харин “тэр өсөлтийн хэдэн хувийг QPAY өөртөө авч үлдэх вэ?” гэдэг нь бүр ч чухал. Энэ бол миний QPAY-ийн үнэлгээнд хамгийн их анхаарах эрсдэлүүдийн нэг.

9. Тэгэхээр би QPAY дээр юуг ажиглах вэ?

Хэрэв би QPAY-ийн хөрөнгө оруулагч байсан бол дараагийн жилүүдэд дараах үзүүлэлтүүдийг хамгийн түрүүнд харна:

① Гүйлгээний тоо
QPAY-ийн гүйлгээ нийт зах зээлээсээ хурдан өссөөр байна уу?

② Гүйлгээний нийт дүн
Зөвхөн гүйлгээний тоо биш, боловсруулж буй мөнгөн дүн нь хэр өсөж байна вэ?

③ Зах зээлд эзлэх хувь
Нийт Монголын бэлэн бус гүйлгээний хэдэн хувийг QPAY эзэлж байна вэ?

④ Банкнуудын өрсөлдөөн
SocialPay болон бусад банкны өөрийн QR/payment системүүд хэр хурдан хөгжиж байна вэ?

⑤ Ашгийн маржин
Өсөлт үргэлжилсэн ч өндөр ашигт ажиллагаагаа хадгалж чадаж байна уу?

⑥ Ногдол ашиг
Ашгийн өсөлт хувьцаа эзэмшигчдэд бодитоор ногдол ашиг болон буцаж ирж байна уу?

Миний QPAY дээрх гол дүгнэлт

QPAY-г харахад надад 4 зүйл хамгийн тод харагдаж байна.

📈 1. Зах зээл нь өсөж байна

Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл маш хурдан тэлж байгаа нь QPAY-д урт хугацааны боломж өгч байна.

💰 2. QPAY өндөр ашигтай бизнес

Орлого хурдан өсөхийн зэрэгцээ ашигт ажиллагаа ч өндөр байгаа нь бизнесийн загварын том давуу тал.

🏦 3. Гэхдээ өрсөлдөөн бол гол эрсдэл

Банкууд өөрсдийн QR болон төлбөрийн системээ амжилттай хөгжүүлж чадвал QPAY-ийн зах зээлд эзлэх хувь буурах боломжтой.

🎯 4. Тиймээс хамгийн чухал хувьсагч бол зах зээлийн эзэлхүүн

QPAY-ийн ирээдүйн үнэ цэнэ зөвхөн Монголын бэлэн бус төлбөрийн зах зээл хэр их өсөхөөс биш, тэр өсөлтийн хэдэн хувийг QPAY өөртөө авч үлдэхээс ихээхэн хамаарна.

📚 Компанийг өөрөө судалж, үнэлж сурахыг хүсвэл

Энэ удаагийн QPAY судалгааг би зөвхөн эцсийн үнээс нь илүүтэй яаж компанийн санхүүг судалж, ирээдүйг төсөөлж, үнэлгээ хийх вэ гэдгийг харуулах зорилгоор хийсэн.

Хэрэв та:

  • Санхүүгийн тайлан унших

  • Компанийг системтэй судлах

  • Салбарын болон өрсөлдөгчийн шинжилгээ хийх

  • Хувьцааг өөрөө үнэлэх

  • Хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх

  • Хувьцаа авахдаа юуг анхаарах

зэргийг эхнээс нь сурахыг хүсэж байвал “Хуримтлал Академи” хаалттай группээс эдгээрийг алхам алхмаар заасан

Reply

Avatar

or to participate