
☕Энэ долоо хоногт би Монголын хөрөнгийн бирж (MSE)-ийг сонгож авлаа. Учир нь бид өдөр бүр хувьцаа арилждаг “бирж” гэдгээр нь мэддэг ч хүмүүс тэр болгон бизнес талаас харж байгаагүй байх.
MSE бол зүгээр нэг хувьцааны арилжааны шимтгэл авдаг компани биш. Монголын хөрөнгийн зах зээл тэлэхийн хэрээр үнэт цаасны бүртгэл, арилжаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас орлого олох боломжтой дэд бүтцийн бизнес юм. Гэхдээ өсөлтийн боломж байгаа нь хувьцааг ямар ч үнээр авахад тохиромжтой гэсэн үг биш.
Энэ удаагийн дугаараар:
MSE хэрхэн мөнгө олдог, аль орлого нь хамгийн чухал вэ?
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа зогсвол юу болох вэ?
Миний санхүүгийн төсөөлөл болон таван аргаар тооцсон хувьцааны үнэлгээ юу харуулж байна вэ?
💡Хөрөнгийн захын талаар илүү мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсэж байвал нийтлэлийн төгсгөлөөс олж аваарай👇
1. MSE юугаараа онцгой вэ?
Олон компанийн ашиг орлого борлуулалт, түүхий эдийн үнэ, өрсөлдөөнөөс хамаардаг. Харин MSE-ийн бизнес Монголын хөрөнгийн зах зээл өөрөө хэрхэн хөгжихтэй холбоотой.
Шинээр компаниуд хөрөнгийн биржид бүртгүүлэх, хөрөнгө оруулагчдын арилжаа нэмэгдэх, бонд болон бусад үнэт цаасны зах зээл өргөжих тусам MSE орлогоо өсгөх боломжтой. Үүн дээр уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, MSE нь Монголын эдийн засаг болон хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс дам байдлаар ашиг хүртэх боломжтой компани юм.
2. MSE мөнгөө хаанаас олдог вэ?
Миний үнэлгээний загварт орлогыг үндсэн дөрвөн хэсэгт авч үзсэн: үнэт цаасны арилжааны шимтгэл, компанийн бүртгэлийн хураамж, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны шимтгэл, дэнчин байршуулсан мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого.

Үнэт цаасны арилжааны шимтгэл нь хөрөнгийн зах зээлийн идэвхээс хамаарна. Бүртгэлийн хураамж нь биржид бүртгэлтэй компаниудын тоо болон зах зээлийн үнэлгээтэй холбоотой. Харин уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа нь шинэ орлогын эх үүсвэр болж, MSE-ийн бизнесийг зөвхөн үнэт цаасны арилжаанаас хамааралтай байхаас өөрчилж байна.
Энд нэг чухал ялгаа бий: арилжааны нийт дүн өсөх нь MSE-ийн орлого яг тэр хэмжээгээр өснө гэсэн үг биш. Биржийн хүртэх шимтгэлийн хувь, арилжааны хэмжээ болон зардлыг хамтад нь авч үзэх хэрэгтэй.
3. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын боломж хэр их вэ?

Миний загварт Монголын нүүрсний экспортын хэмжээ 2025 оны ойролцоогоор 90 сая тонноос 2031 онд 122 сая тонн хүрэхээр төсөөлөгдсөн. Зэсийн экспортын хэмжээ мөн өсөхөөр тусгагдсан бөгөөд төмрийн хүдрийн экспорт ч урт хугацаанд нэмэгдэх хувилбартай.
Эдгээр нь бодит үр дүн биш, загварын таамаг гэдгийг онцлох хэрэгтэй. Гэсэн ч гол санаа нь тодорхой байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжих арилжаа өргөжвөл MSE-ийн орлогын шинэ суурь бий болж болно.
Гэхдээ хамгийн чухал асуулт бол Монгол Улс хэр их нүүрс экспортлох вэ гэдэгт бус, тэр экспортын хэдэн хувь нь биржээр арилжаалагдаж, MSE-д бодитой хэдий хэмжээний орлого үүсгэх вэ? гэдэгт оршино.
Хэрэв төрөөс уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг өөр сувгаар явуулах шийдвэр гаргавал MSE-ийн энэ бизнесийн боломж хумигдаж болно. Тиймээс би уул уурхайн арилжааг өсөлтийн боломж гэж харж байгаа ч үүнийг баталгаатай орлого гэж үзэхгүй.
4. Миний үнэлгээ юуг харуулсан бэ?
Би MSE-ийг таван аргаар үнэлсэн: цэвэр мөнгөн гүйлгээний хорогдуулсан арга (DCF), ногдол ашгийн хорогдуулсан арга (DDM), P/B, P/S болон P/E харьцааны аргууд.
Үнэлгээний арга | Нэгж хувьцааны үнэ |
|---|---|
DCF | ₮152–₮1,845 |
Ногдол ашгийн арга | ₮284–₮1,090 |
P/B харьцаа | ₮829–₮2,879 |
P/S харьцаа | ₮322–₮1,233 |
P/E харьцаа | ₮1,043–₮2,296 |
Эдгээр нь миний Excel загварын тооцоолсон ханшууд бөгөөд арга бүр өөр өөр таамаглалд тулгуурласан. DCF болон ногдол ашгийн загвар ирээдүйн мөнгөн урсгал, өсөлт, хорогдуулалтын хувь зэргээс ихээхэн хамаарна. Харин харьцуулсан үнэлгээ нь сонгосон гадаадын биржүүдийн үнэлгээний харьцааг MSE-д ашиглаж байгаа тул зах зээлийн ялгааг анхаарах ёстой.
Миний суурь хувилбарын тооцоолол нэгж хувьцааны үнэлгээг ₮671 гэж гаргасан. Гэхдээ энэ нь Баасан гарагийн хаалтын ханшаас өндөр ба харьцангуй өөдрөг гэж хэлж болох юм. Сонирхолтой нь хэрвээ уул уурхайн биржийн арилжаа MSE-ээр хийгдэхээ боливол компани ашиггүй болж улмаар үнэлгээ ₮152 хүрэхээр гарсан.
5. Хөрөнгө оруулагч юуг анхаарах вэ?
MSE-ийн боломж нь хөрөнгийн зах зээл болон уул уурхайн биржийн арилжаа урт хугацаанд өсөхөд оршино. Харин гол эрсдэлүүд нь уул уурхайн арилжааны бодлого өөрчлөгдөх, зах зээлийн идэвх сулрах, орлогын таамаг биелэхгүй байх, мөн үнэлгээний загвар хэт өөдрөг төсөөлөлд тулгуурлах явдал юм.
Миний хувьд MSE сонирхолтой байгаа шалтгаан нь зөвхөн өнөөдрийн ашгаас илүүтэйгээр Монголын хөрөнгийн зах зээл хөгжихөд оролцох бизнесийн байр суурь юм. Гэхдээ сайн бизнес гэдэг нь заавал сайн хөрөнгө оруулалт гэсэн үг биш. Өнөөгийн хувьцааны ханш, ирээдүйн мөнгөн урсгал, эрсдэл гурвыг хамтад нь авч үзэх ёстой.
Дэлгэрэнгүйг доорх линкээр авч үзээрэй.
📚 Компанийг өөрөө судалж, үнэлж сурахыг хүсвэл
Энэ удаагийн судалгааг би зөвхөн эцсийн үнээс нь илүүтэй яаж компанийн санхүүг судалж, ирээдүйг төсөөлж, үнэлгээ хийх вэ гэдгийг харуулах зорилгоор хийлээ.
Хэрвээ та:
Санхүүгийн тайлан унших
Компанийг системтэй судлах
Салбарын болон өрсөлдөгчийн шинжилгээ хийх
Хувьцааг өөрөө үнэлэх
Хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх
Хувьцаа авахдаа юуг анхаарах зэргийг эхнээс нь сурахыг хүсэж байвал “Хуримтлал Академи” хаалттай группээс эдгээрийг алхам алхмаар заасан
Тайлбар: Энэхүү нийтлэл нь миний хийсэн санхүүгийн загвар болон таамаглалд тулгуурласан судалгааны материал бөгөөд хувь хүний хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм.


