Монгол Улсын инфляц 2026 оны аравдугаар сард жилийн 13.4%-д хүрч, дөрвөн сарын турш хоёр оронтой түвшинд хадгалагдлаа. Үүний зэрэгцээ Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэг нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5%-д хүргэсэн. Гэвч хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж байгаа хэдий ч инфляц буурахгүй байгаа нь өрхийн санхүү болон хөрөнгө оруулалтын орчинд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна.

Энэ удаагийн дугаараар:

  • Инфляц хүмүүсийн санхүүд хэрхэн нөлөөлж байна?

  • Хатуу мөнгөний бодлого санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ?

  • 2027 онд тэгвэл хөрөнгө оруулалтаа хэрхэн төлөвлөх вэ?

  • 💡Хөрөнгийн захын талаар илүү мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсэж байвал нийтлэлийн төгсгөлөөс олж аваарай👇

Инфляц зөвхөн үнийн өсөлт биш, өрхийн санхүүгийн дарамт юм

Инфляцыг задалж харвал тээвэр болон хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт онцгой анхаарал татаж байна. Зарим ангиллын бүтээгдэхүүний үнэ 20 орчим хувиар өссөн нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ, худалдан авах чадварт шууд нөлөөлж байна.

Үнийн өсөлттэй зэрэгцэн өрхийн зээлийн дарамт нэмэгдэж байгаа нь бас нэг анхаарах асуудал. Монголбанкны мэдээлэлд дурдсанаар хэрэглээний зээлийн чанар муудах эрсдэл ажиглагдаж байна. Тухайлбал, хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь нийт иргэдийн зээлийн дундаж түвшнээс өндөр байгаа бөгөөд тэтгэвэр, цалингийн болон хэрэглээний зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд эрчимтэй өсжээ.

Ийм нөхцөлд Монголбанк зээлийн өсөлтийг хязгаарлах, өр орлогын харьцааг бууруулж чангалах зэрэг арга хэмжээ авч байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах зорилготой.

Өндөр хүү хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлж болох вэ?

Бодлогын хүү өсөх нь эдийн засаг дахь зээлийн өртгийг нэмэгдүүлж, санхүүжилтийн хүртээмжийг хумидаг. Энэ нь ялангуяа банк, санхүүгийн салбарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх боломжтой.

Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд банк, санхүүгийн компаниуд зах зээлийн үнэлгээний томоохон (+60%) хувийг бүрдүүлдэг. Тиймээс зээлийн өсөлт саарч, зээлийн эргэн төлөлтийн эрсдэл нэмэгдэх нь эдгээр компанийн ашигт ажиллагаа болон цаашдын өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Хэдийгээр банкны салбарын хувьцаанууд он гарснаас хойш сайн (+20% өсөлт) гүйцэтгэл үзүүлсэн ч өнгөрсөн үеийн өгөөж ирээдүйн гүйцэтгэлийг баталгаажуулахгүй. Хөрөнгө оруулагчид зөвхөн өмнөх үнийн өсөлтөд үндэслэн шийдвэр гаргах бус, салбарын эрсдэл болон эдийн засгийн нөхцөл байдлыг хамтад нь үнэлж байж ирэх жилийнхээ төлөвлөгөөг боловсруулбал оновчтой.

Хөрөнгө оруулалтын багцаа төрөлжүүлэх цаг

Эдийн засгийн өсөлт саарч, зээлийн нөхцөл чангарч буй үед хөрөнгө оруулалтын багцдаа хамгаалалтын шинж чанартай салбаруудыг нэмэх нь зүйтэй.

1, 3, 4-р ангиллууд нь хамгаалалтын гэж явдаг.

Үүний нэг жишээ бол хүнсний салбар. Эдийн засгийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ худалдан авсаар байдаг. Тиймээс хүнсний салбарын тогтвортой эрэлт нь эдийн засгийн мөчлөгийн сөрөг нөлөөг харьцангуй бага мэдрэх боломжийг бүрдүүлдэг.

Нөгөө талаас бодлогын хүү өндөр байх нь хадгаламж болон бондын өгөөжийг нэмэгдүүлэх нөхцөл болдог. Ийм үед тогтмол мөнгөн урсгал бий болгодог бүтээгдэхүүнүүдийг багцдаа оруулах нь эрсдэлийг тэнцвэржүүлэх нэг арга юм.

Жишээлбэл, хөрөнгө оруулагч өөрийн эрсдэл даах чадвар, хөрөнгө оруулалтын хугацаанаас хамааран 70%-ийг хадгаламж, бонд зэрэг тогтмол өгөөжтэй хэрэгсэлд, 30%-ийг хувьцаанд хуваарилж болох юм. Гэхдээ энэ нь хүн бүрт тохирох жор биш бөгөөд хувь хүний санхүүгийн нөхцөлд тохируулан шийдэх хэрэгтэй.

Инфляц ойрын хугацаанд буурах уу?

Инфляцад дотоодын хүчин зүйлсээс гадна гадаад орчны нөлөө хүчтэй байна. Ялангуяа Ойрх Дорнодын геополитикийн зөрчил, Ормузын хоолойн нөхцөл байдал, эрчим хүч болон тээврийн зардлын өсөлт нь импортын бараа бүтээгдэхүүний үнэд дарамт учруулж болзошгүй.

Үүн дээр цалин, тэтгэврийн нэмэгдэл болон эрчим хүчний үнийн өөрчлөлт зэрэг дотоодын хүчин зүйлс нэмэгдэж байгаа тул инфляц богино хугацаанд огцом буурах нөхцөл хараахан бүрдээгүй байна.

Хамгийн чухал нь санхүүгийн төлөвлөгөөтэй байх

Өндөр инфляц, өндөр хүү, эдийн засгийн тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулалтаа зогсоох шалтгаан биш. Харин ч санхүүгээ илүү нухацтай төлөвлөж, эрсдэлээ зөв удирдах шаардлагатай үе юм.

Хөрөнгө оруулалтыг бага дүнгээр эхлүүлэх, тогтмол хуримтлал бий болгох, багцаа төрөлжүүлэх, өөрийн эрсдэл даах чадварт тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь урт хугацаанд санхүүгийн тогтвортой байдлаа хамгаалах үндэс болно.

Илүү хамгаалалтын багцын жишээг харуулж байна

Эцэст нь хэлэхэд, зах зээлийн нөхцөл байдлыг таамаглахаас илүүтэй түүнд бэлэн байх нь хөрөнгө оруулагчийн хамгийн чухал чадвар юм.

Зурган дээр дарж татаж авна уу

Өнгөрсөн 7 хоногийн санхүүгийн нөхцөл байдал, тэр дундаа тэтгэвэрт гарах хүртлээ хэрхэн төлөвлөж байгааг асуумжаар асуусан. Хариулсан хүмүүстээ талархаад энэ Пүрэв гарагийн 20 цагаас болох LIVE-аараа орох хичээлийн материалаа та бүхэнтэй энд хуваалцахаар шийдлээ. Та бүгд зурган дээр дараад линкээр орж уншаарай. Санал сэтгэгдэл байвал шууд мэйлд хариу илгээгээрэй. [email protected]

📚 Компанийг өөрөө судалж, үнэлж сурахыг хүсвэл

Энэ удаагийн судалгааг би зөвхөн эцсийн үнээс нь илүүтэй яаж компанийн санхүүг судалж, ирээдүйг төсөөлж, үнэлгээ хийх вэ гэдгийг харуулах зорилгоор хийлээ.

Хэрвээ та:

  • Санхүүгийн тайлан унших

  • Компанийг системтэй судлах

  • Салбарын болон өрсөлдөгчийн шинжилгээ хийх

  • Хувьцааг өөрөө үнэлэх

  • Хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх

  • Хувьцаа авахдаа юуг анхаарах зэргийг эхнээс нь сурахыг хүсэж байвал “Хуримтлал Академи” төлбөртэй группээс эдгээрийг алхам алхмаар заасан

Санамж: Энэхүү нийтлэл нь миний хийсэн санхүүгийн загвар болон таамаглалд тулгуурласан судалгааны материал бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш юм.

Reply

Avatar

or to participate