
Хувьцааны ханш унасан бол заавал авах боломж байх ёстой юу?
Хувьцааны ханш буурахад бидний хамгийн түрүүнд боддог зүйл бол: “Хямдарчихлаа. Одоо авах боломж уу?” Гэхдээ хөрөнгө оруулалтын хамгийн чухал ойлголтуудын нэг эндээс эхэлдэг. Хувьцааны ханш буурсан ч хувьцаа хямд үнэлэгдсэн гэсэн үг биш. Өнгөрсөн LIVE-аар би Монголын системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт болон үнэлгээг харьцуулж үзсэн юм.

Сонирхолтой нь, зарим банкны P/B буюу зах зээлийн үнэ нь өөрийн хөрөнгөтэй харьцуулсан харьцаа сүүлийн жилүүдэд буурсан байхад, хоёрынх нь өссөн байна. Гэхдээ энд шууд “буурсан нь сайн, өссөн нь муу” гэж дүгнэж болохгүй.
Яагаад?
Ханш унасан шалтгаан нь юунд байв?
Жишээ нь банкны хувьцааны ханш уналаа гэж бодъё (Хаан банкных 2025 онд 0.93 хүртэл буурсан байгаа юм). Хэрвээ хөрөнгийн зах зээл тухайн банкны ирээдүйн ашиг буурна, зардал өснө, эсвэл эрсдэл нэмэгдэнэ гэж үзэж байгаа бол хувьцааны ханш буурах нь үндэслэлтэй байж болно.
Гэвч компанийн санхүүгийн үзүүлэлтүүд хэвийн сайн байхад зах зээл хэтэрхий сөргөөр хандаж, хувьцааг бодит үнэ цэнээс нь доогуур үнэлсэн бол эргээд сэргэх магадлал өндөр (2026 онд Хаан банк эргээд өссөн). Энэ хоёрыг өнгөцхөн харахад аль нь гэж ялгахад хэцүү байж болно. Адилхан л хувьцааны үнэ буурсан. Тиймээс зөв асуулт нь “Яагаад хямдарсан бэ?” гэж асуух байдаг.
Банкуудын тоон дээр юу харагдсан бэ?
5 банкны сүүлийн жилүүдийн үзүүлэлтүүдийг харьцуулахад нэг сонирхолтой зүйл ажиглагдсан.

Цэвэр хүүгийн орлогын маржин ерөнхийдөө буурсан байна. Өөрөөр хэлбэл хүүгийн зардлын дарамт нэмэгдэж, банкнуудын олж буй хүүгийн орлогоос зардлаа хассаны дараах ашигт ажиллагаа өмнөхөөсөө сулрах хандлага ажиглагдсан.

Мөн ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж зарим банк дээр буурсан байна. Өөрийн хөрөнгийн өгөөж нь хөрөнгө оруулагчдад нэн чухал байдгийн нэг шалтгаан нь бид банкны хувьцааг авч байгаа нь өөрийн хөрөнгийн хэсгийг авч байгааг илтгэдэг. Тиймээс өөрийн хөрөнгийн өгөөж буурна гэдэг нь хувьцаа эзэмшигчийн өгөөж буурч байнаа гэсэн үг юм.

Үүний хажуугаар нэг эерэг зүйл бас харагдсан. Чанаргүй зээлийн харьцаа 5 банкны хувьд бүгд буурсан. Жишээ нь Худалдаа хөгжлийн банкны чанаргүй зээлийн харьцаа 9.1%-аас 3.9%, Голомтынх 5%-аас 2.5% болж буурсан гэж LIVE дээр ярьсан. Тэгэхээр хэдий банкнуудын ашигт ажиллагаа өмнөх үзүүлэлтүүдээс муудаж байгааг харуулсан ч зээлийн багцын чанар одоохондоо тогтвортой байна.
Ийм учраас зөвхөн хувьцааны ханшийг хараад шийдвэр гаргах нь хангалтгүй.
Тэгвэл бид юуг харах ёстой вэ?
Хувьцаа хямдарсан үед дараах гурван асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй.
1. Ашиг нь яаж өөрчлөгдөж байна вэ? Өнгөрсөн жилүүд, улирлуудтай харьцуулахад өсөж байна уу, буурч байна уу?
2. Ашигт ажиллагаа нь яаж өөрчлөгдөж байна вэ? ROE, ашигт ажиллагааны маржин зэрэг үзүүлэлтүүд сайжирч байна уу? Хэрвээ хоёр улирал дараалан муудсан бол анхааралдаа авч цааших яахыг төсөөлж шийдвэрээ цаг алдалгүй гаргах хэрэгтэй.
3. Зах зээл яагаад хямд үнэлж байна вэ? Компанийн санхүүгийн үзүүлэлт муудаж байгаа учраас уу, эсвэл зах зээл түр зуур буруу үнэлж байна уу Эдгээрийг ялгаж чаддаг болох нь “хямд муу хувьцаа” болон “хямд үнэлэгдсэн сайн хувьцаа” хоёрын ялгааг ойлгох эхлэл юм. Хувьцаа 30%-аар унасан гэдэг нь өөрөө ямар ч утгагүй тоо байж болно.
Харин компанийн санхүү, үйл ажиллагаа сайжраад өөрийн тань хийсэн үнэлгээ хэвэндээ байхад хувьцааны ханш 30%-аар буурсан бол өөр хэрэг. Тиймээс хөрөнгө оруулалтын үед ханшнаас илүү компанийн үнэлгээ/үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж байгааг харах хэрэгтэй. Үнэлгээ > ханш бол хадгал, үнэлгээ < ханш болсон бол шийдвэр гаргалттай тулгарахаас өөр аргагүй.
Энэ сэдвийг илүү дэлгэрэнгүй, тоон жишээн дээрээс ойлгохыг хүсвэл Хуримтлал LIVE #8-ийг бүтнээр нь үзээрэй.
Энэ дугаарт Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны үнэлгээг хийж, мөн Монголын системийн нөлөө бүхий 5 банкны P/B, ROE, чанаргүй зээл, хүүгийн маржин болон бусад үзүүлэлтүүдийг харьцуулсан.
Харин хөрөнгө оруулалтыг сууриас нь системтэй сурахыг хүсвэл “Хөрөнгө оруулалтын цогц сургалт” дээр би эдгээр ойлголтуудыг алхам алхмаар тайлбарласан байгаа.

